Б.ГҮРСОРОНЗОН: АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЖОЛООЧИЙН АЖИЛ, АМРАЛТЫН ДЭГЛЭМИЙГ ЧАНД МӨРДҮҮЛНЭ
-Улс, хот хоорондын нийтийн тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн цагаар гардаг-
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос “Шөнийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай” тушаал мөрдөгдөж эхэлснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг. Эхний хагас жилийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд давхардсан тоогоор шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэсэн байна.
Улс, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 68 чиглэлийн аялалын үргэлжлэх хугацаа дундажаар 15 – 30 цаг зарцуулдаг нь шөнийн цагаар тээвэрлэлт гүйцэтгэх шалтгаан болдог. Харин сүүлийн жилүүдэд хот хоорондын нийтийн тээвэрт гарсан зам тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн тээвэрлэлтийн үед гарсан судалгаа бий.
Олон улсын жишигт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн тээврийн үйлчилгээг олон арга хэлбэрээр гүйцэтгэдэг нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг.
Тэгвэл Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тодорхой зохион байгуулалтын ажлыг хийхээр холбогдох судалгаа, төлөвлөлтийн ажлуудыг хийж байна. Зам тээврийн осол зөрчилөөс урьдчилан сэргийлэхийн тулд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн тус үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзон хэллээ.
Үүний тулд 1000 километрээс дээш зайтай холын чиглэлүүдийг стандартын шаардлага хангасан автобуудлыг түшиглэн богино эргэлтээр өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах судалгааны ажлыг хийж байгаа аж. Ингэснээр тээвэрлэлт гүйцэтгэж буй жолоочийн ажил, амралтын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор жолоочийг сэлгэн ажиллуулах, амраах бөгөөд энэ нь зам тээврийн ослоос сэргийлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн АТҮТ-өөс мэдээллээ.