АШИГЛАЛТААС ХАСАГДСАН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Монгол Улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаа явуулах, эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, (UNIDO), БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага, Солонгос улсын хөрөнгө оруулалттай "Монгол авто ресаикл парк" ХХК зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын хамтарсан форум Пума империал зочид буудлын "ИМПЕРИАЛ ХОЛЛ" танхимд зохион байгуулагдаж байна. Манай улс импортоор орж ирж байгаа автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон ашиглалттай холбоотой бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг хэдий ч ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага байхгүй учраас иргэдийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй, хэт хуучирсан, зам тээврийн осолд орж их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан тээврийн хэрэгслээ хэрхэн устгах талаар мэдээлэлгүй байгаагаас хуучин автомашин худалдан авдаг иргэдэд зарж, тэдгээр худалдаж авсан иргэд баталгаагүй сэлбэг хэрэгслийг тухайн ашиглах боломжгүй автомашинаас салган авч худалдах, арлын дугаарын хэсэг, улсын дугаар, тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ зэргийг сэлбэгээр орж ирсэн автомашинд зүүж хууль бусаар ашиглах зэрэг сөрөг үйлдлийг ихээр гаргаж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөж байна.