С.Батболд: Монголын номертой машин Москвад хөдөлгөөнд оролцоод явж байгаа
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.
-Монгол жолооч нар дэлхийн 60 гаруй орон руу машинтайгаа зорчих, тээвэрлэлт хийх, аялах боломжтой гэсэн. Иргэд энэ боломжийн талаар төдийлөн мэдэхгүй байх?
-1990 онд Туркийн Станбул хотноо “Барааг түр хугацаагаар оруулах конвенц” байгуулснаар Монгол Улс тус конвенцид нэгдэж орсон байдаг. Монголоос ямар нэгэн бараа бүтээгдэхүүн ачаад Хятадын ч юм уу нутгаар дамжаад өөр оронд очиход гаалийн татвар төлөх, гааль дээр мэдүүлэг бөглөх гээд олон асуудал гардаг байсан бол олон улсын сүлжээгээр дамжин өнгөрөх орнуудтай хэлэлцээр хийж, зохицуулалт хийснээр тээвэрлэлтийн асуудлыг хөнгөвчилж, саадыг арилгаж өгсөн. Өөрөөр хэлбэл Монгол Улсад бүртгэлтэй машинаар “CPD карней”-д хүлээн зөвшөөрөгдсөн 62 орон руу Монгол улсын авто машин, мотоциклын холбооноос аялах эрхээ аваад дэлхийн 60 гаруй орноор аялах боломжтой. Өмнө нь манай тээврийн хэрэгслийн гэрчилгээг зөвхөн Монголоор биччихсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тиймээс 2018 оноос тээврийн хэрэгслийн гэрчилгээг монгол, англи хэлээр бичдэг болсноор Монголын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хаана ч унших боломжтой болсон. Мөн хил гараад л Монголын улсын дугаар дахь “Б, Ч” гэх мэт үсгүүд уншигдах боломжгүй байсан тул номерын стандартад өөрчлөлт оруулаад 13 үсэгтэй серийн дугаар олгож эхлээд байгаа.
-Өмнө нь олгосон дугааруудыг яах вэ?
-Хуучин дугаар нь хүчинтэй явж байгаа. Гэхдээ тухайн иргэн машинтайгаа гадагшаа явах хүсэлт тавибал солих боломжтой. Энэ зөвхөн хэлэлцээр байгуулаад л болох асуудал биш, номер, дугаар гээд олон асуудал гарч ирсэн. Энэ бүхнийг засч, залруулаад ажиллаж байна. Тиймээс иргэд энэ боломжийг ашиглаарай, боломж нээлттэй болсон шүү гэдгийг хэлье.
Монголын тээвэрчид бүс нутгийн болон олон улсын тээвэр хийх боломжтой болсон
-Дэлхий нийт даяарчлагдаж байгаатай холбоотойгоор тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ хязгааргүй болж байна. Хязгааргүй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг бид хэрхэн хангах вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Өмнө нь бид зөвхөн ОХУ, БНХАУ руу тээвэр хийж байсан бол одоо 200 гаруй орон руу зорчих, бараа таваар илгээх, авах эрэлт хэрэгцээ үүсээд байгаа. Тиймээс бид олон улсын харилцаагаа өргөжүүлэх хүрээнд “Олон улсын тээврийн форум”-д нэгдэж орсон. “Олон улсын тээврийн форум” нь Францад төвтэй, дэлхийн 60 гаруй орон нэгдээд орчихсон олон улсын байгууллага юм. Энэ нь газрын тээврийн олон улсын бодлогыг боловсруулдаг, тодорхойлдог байгууллага. Үүнд Монгол Улс нэгдэж орсноор дэлхийн хэмжээнд газрын тээврийн бодлого тодорхойлоход монголчууд үгээ хэлж, оролцож байна гэсэн үг. Мөн Монголынхоо тээврийг хөгжүүлэхэд тусламж аваад, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Бид улс бүхэнтэй очиж тээвэр хийх гэрээ хийх шаардлагагүйгээр энэхүү форумд нэгдсэн улсуудтай нэг шугамаар яриад тээвэрлэлт хийх боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр 16 улс руу тээвэр хийх боломжтой болсон. 2016 онд Европоос явж байгаа ТИР тээврийн ердөө нэг хувийг Монголын тээвэрчид хийж байсан. Өнгөрсөн жилийн байдлаар 13 хувь нь Монголын тээвэрчид болж өссөн байгаа юм. Ачаа бараа нь байдаг юм бол Итали, Чех, Герман, Унгар, Латви, Литва, ОХУ, БНХАУ гэх мэт 16 улс руу тээвэр хийх боломжтой болсон. Тухайлбал, 2019 онд Литвийн Засгийн газартай хэлэлцээр байгуулснаар тээвэрлэгчид Хятадаас бараагаа аваад Москвад хүргэж өгч байсан бол одоо шууд Литва Улсруу тээвэрлэж байна. 2018 оны мэдээгээр ОХУ болон Европ руу Монголын 6000 удаагийн тээвэрлэлт хийсэн бол 2019 онд 8574 болж 25 хувиар нэмэгдсэн байгаа юм. Өмнө нь энэ гэрээ хэлэлцээрийг байгуулаагүйгээс болж бусад орны тээвэрчид тээвэр хийдэг байсан. Бид Монголын тээвэрчдийг бүс нутгийн болон олон улсын тээвэр хийх боломжийг нь хангаж, эхлэлийг нь ийнхүү тавьсан.
-Газрын тээврийг хөгжүүлээд олон улс руу тээвэр хийх боломжтой болсноор эдийн засагт ямар эерэг үр дүн гаргаж байгаа бол?
-Өмнө нь ТИР тээвэрлэгчдийн нэг хувийг монголчууд эзэлж байсан бол өнөөдөр 13 хувь болсон гэж дээр хэлсэн. Энэ хэмжээгээр аж ахуйн нэгжүүд орлого олж, ажлын байр нэмэгдэж байгаа. 2018-2019 онд Европ руу явж байгаа Монголын тээвэрчид 25 хувиар нэмэгдсэн байна. 2019 оны мэдээгээр Монгол Улс дэлхийн 158 оронтой 12.5 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байгаа юм. Худалдаа гэдэг бол ачаа бараа шүү дээ. Энэ тээврийг гаднын тээвэрчид л зөөж өгөөд бид эндээс гарах ачаагаа өгч явуулаад байсан бол одоо монголчууд өөрсдөө явж байгаа нь эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж харж байна.
-Манайх ихэвчлэн ямар төрлийн бараа тээвэрлэдэг вэ?
-Монголоос гарч байгаа бараа, бүтээгдэхүүн харьцангуй бага байгаа. Монгол гэр, арьс шир гэх мэт бүтээгдэхүүн гаргаж байна. Компаниудын зүгээс Итали Улстай Засгийн газар хоорондын гэрээгээ хурдан байгуулах санал тавьж байгаа. Итали руу сард хоёр удаа үхрийн шир тээвэрлэж байгаа. Хэрвээ гэрээгээ хийчихвэл Монголын тээвэрчид Итали руу явна. Газраар явж байгаа тээвэр вагоноор явж байгаагаас харьцангуй үнэтэй боловч хурдан байдаг. Нөгөө талаар бараа бүтээгдэхүүн галт тэргээр буугаад эцсийн цэг дээр машинаар л очно. Гэтэл Италийн аль нэг цэгээс авсан бараагаа тухайн машин гэрийнх нь үүдэнд шууд хүргээд өгч байгаагаараа давуу талтай. Германаас долоо хоногт 7-10 машин ачаа Монгол руу гарч байна. Үүнийг мөн л гаднынхан хийж байгаа. Германаас маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн ирдэг. Урдаас голдуу цахилгаан барааг ОХУ болон Европ руу гаргаж байна. ОХУ-аас цэвэр ус хүртэл манай нутгаар дамжин тээвэрлэж байна. Хятадын Эрээн боомтоос Алтанбулаг, Улаан-Үдэ рүү хүнсний ногоо байнга тээвэрлэж байна.
-Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд олон улс руу манай тээвэрчид тээвэр хийх боломжтой болсон байна. Тэгвэл техникийн тал дээр ч юм уу олон улсын хил нэвтрэхэд тулгарч байгаа бэрхшээл юу байна?
-Ганцхан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар сэтгэл ханаж болохгүй. Үүний цаана олон асуудал байгаа. Тухайлбал, “Даатгалын ногоон картын систем” гэж олон улсын гэрээ байдаг. Үүнд манай улс нэгдэж орохоор Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Монголчууд Европ ч юм уу ОХУ руу явахад эндээ даатгуулдаг тэр даатгал нь явж байгаа газруудад нь үйлчилдэг систем юм. Мөн “Жолоочийн ажил амралтын дэглэм” конвенцод нэгдэж орохоор хүсэлтээ явуулсан. Гэхдээ ОХУ, Европ руу тээвэр хийж болох юм байна гээд захын ачааны машин гараад явж чадахгүй. Яагаад гэхээр дэлхийн улс орнууд агаар орчны бохирдол гэдгээр өндөр шаардлага тавьчихсан. Хятадын нутгаар тээвэр хийх гэж байгаа бол машины хөдөлгүүр евро-4 стандарт болон түүнээс дээш байх ёстой. ОХУ болон Европтой тохирсноор евро-3 стандарт болон түүнээс дээш хөдөлгүүртэй машинаар тээвэр хийнэ.
-Цаашдаа газрын тээврийн салбарт хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?
-“Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын эдийн засгийн коридор” коридорт нэгдэж орох асуудлыг бид судалж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын эдийн засгийн коридорт нэгдэж орсноор олон талын ач холбогдолтой. Хятад-Монгол-Орос гурван улсын дамжин өнгөрөх авто тээврийн хоёр коридор байдаг. Нэг нь Тяньжинийн Танггу боомтоос гараад Эрээн Замын-Үүдээр ороод Монголоор дамжин Улаан-Үдэ хүртэл. Нөгөө нь Хятад Пакистаны хил дээр байгаа Khunjerab боомтоос эхлээд Хятадын Өрөмчөөр дайраад Монголын Ховдын Булганы боомтоор Новосибирск орж байгаа. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын эдийн засгийн коридор нь зургаан коридортой. Тэд бүгд Хятадын Өрөмч дээр нийлж байгаа юм. Хил хязгааргүй тээвэрлэлт яваад байгаа учраас дэд бүтцийн хувьд саадгүй болгох нь төрийн үүрэг.
-Заавал ШХАБ-т элсч байж “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын эдийн засгийн коридор”-т орох ёстой юу?
-ШХАБ-ын гишүүн биш байсан ч “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын эдийн засгийн коридор”-т нэгдэж орох боломжтой. Нэгдээд орчихсон тээврээрээ холбогдоод явж байгаа улс орнууд олон бий. Бид одоохондоо судлаад явж байна.
-Ярилцсанд баярлалаа