М.Зоригт: Өөрсдөө төмөр зам тавьснаар анх удаа хүнд аж үйлдвэрийн суурийг тавилаа
Засгийн газрын “Сайдын цаг” нэвтрүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт оролцлоо. Түүний хийсэн танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна. -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн “Сайдын цаг”-аар зам, тээврийн салбарт хийж байгаа ажлаа танилцуулахаар бэлтгэлээ.
-Зам, тээврийн яам бол маш том салбаруудтай, бүтээн байгуулагч, бүтээлч яам. Би эхлээд агаарын тээврийн салбарт хийгдэж байгаа ажлуудаа танилцуулъя. Иргэний нисэхийн салбарт төр, хувийн хэвшлийн авиакомпаниуд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад нэлээд томд тооцогдох төсөл агаарын тээврийн салбарт хэрэгжиж байна. Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудал барьж, барилгын гүйцэтгэл төлөвлөснөөс илүү хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар 75.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөөнөөсөө 6.3 хувийн гүйцэтгэлээр илүү явна. Төлөвлөгөөний дагуу 2017 оны нэгдүгээр сард барилгын ажлыг дуусгаж, мөн оны тавдугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ төслийнхөн маш сайн ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.
Мөн Монгол Улс, БНХАУ-тай хиллэсэн шинэ агаарын хаалга нээж, БНХАУ-ын дотоодын нислэгийг Монгол Улсын агаарын зайгаар нэвтрүүлж, үйлчилгээ үзүүлж эхэллээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, түлш хэмнэсэн цоо шинэ үйлчилгээ болж байна. Агаарын шинэ хаалга нээснээр эхний улирлын байдлаар 1700 агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлээд байна. Зуны буюу оргил нислэгийн цагаар 5000-6000 агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлж, тэр хэрээр навигацийн орлогыг нэмэгдүүлэхээр тооцоолж байна. Түүнчлэн үндэсний агаарын тээвэрлэгч компани болон хувийн авиакомпаниудаа дэмжиж ажиллах тал дээр нэлээд ажлууд хийж байна. Цөөхөн хэдэн авиакомпанидаа төр дэмжлэг үзүүлэхгүй бол “Изинис эйрвейс” шиг харамсалтай, гашуун түүх давтагдаж магадгүй. Дахиад нэгийгээ явуулчихмааргүй байна. Тиймийн тулд иргэний агаарын тээврийн бүх компаниа санхүүгийн болон зохион байгуулалтын, мэргэжлийн боловсон хүчний бодлого дээр нь төр дэмжих хэрэгтэй байна. Яамны зүгээс мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр олон ажил төлөвлөж байгаа.
Энэ сарын 16-наас эхлэн Ховдын чиглэлд “Боинг” онгоцоор нислэг үйлдэж эхэлнэ. Бэлтгэл ажил хангагдсан. Иргэний агаарын тээврийн ложистикийн удирдлагын чиглэлд хийж байгаа анхны томоохон шинэ алхам бол энэ. Ховд хотод байнгын нислэг үйлдэх “Фокер 50” онгоцууд байлгана. Улаанбаатар руу явуулахгүй. Ховдод очсон зорчигчдыг цааш нь Өлгий, Увс руу хүргэх, зөөвөрлөх ажлыг гүйцэтгэнэ. Ингэснээр баруун чиглэлийн нислэгийн тийзийн үнийг 40 хүртэл хувиар буулгах боломжтой болж байна. Энэ бол шинэ зохион байгуулалт. Цаашдаа зүүн хязгаар руу энэ ажлыг хийхээр төлөвлөж байна. Чойбалсан хотын нисэх буудлын хөөх буух зурвасыг шинэчлэх, засварлах ажлыг эхлүүлж байна. Энэ ондоо багтаж дуусгана. Улаанбаатарыг чиглэсэн олон улсын агаарын хөлгүүд түр буух, хөөрөх нөхцөл байдлаас болж Бээжин, Эрхүүд болон нөөц буудлуудад буух шаардлага гардаг. Зардал мөнгө ч их гардаг. Тиймээс Чойбалсан хотын нисэх буудлыг нөөц нисэх буудал болгох гэж байна. Мөн иргэний нисэхийн салбарт хийсэн бас нэг том ажил бол найман жил гацаад байсан Говь-Алтай, Завханы нисэх буудлын хөөх буух зурвасын барилгын ажлыг хийж дуусгаж байна. Өөрсдийн нөөц бололцоогоор хийж дуусгана. Наадмаас өмнө дуусгах хатуу үүрэг амлалт авч байна гэж ойлгож болно.
Төмөр замын салбарын тухайд, саяхан Төмөртэй-Хандгайтын чиглэлийн шинэ төмөр замын ачаа тээвэрлэлтийн ажлыг эхлүүллээ. Энэ төмөр замыг монголчууд өөрсдөө 100 хувь барьж гүйцэтгэсэн. Зураг төсөл, ТЭЗҮ, суурь бүтэц, гэрэлтүүлэг, төмөр зам, дохиолол холбоо, өртөө гээд бүгдийг цогцоор нь монголчууд өөрсдөө хийсэн. Энэ бол маш том амжилт. Бид Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барина гэж олон жил ярилаа, маргалдлаа. Гадны том хөрөнгө оруулагч л байхгүй бол болохгүй, төмөр зам барьж чадахгүй гэж ярьдаг байсан бол “үгүй юм байна, монголчууд өөрсдөө чаддаг юм байна” гэдгийг харуулж чадлаа. Боловсон хүчин байна, мэргэжилтэн, дотоодын компаниуд байна. Монгол Улс хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай орон, уул уурхайн баялагтаа тулгуурлаж хөгжих ёстой гэж ярьдаг байсан. Төмөр замаа өөрсдөө тавьснаар анх удаа хүнд аж үйлдвэрийн суурийг тавьж чадлаа. “МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Болд төмөр Ерөө гол” компанийн гэсэн гурван гол төмөр замаар дамжиж Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн суурь бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, нийлүүлэх хүнд аж үйлдвэрийн цогц шийдлийг хийлээ. Тээвэрлэлт эхлүүлсэн өдөр би төмөр замын компанийнхантайгаа, ажилтнуудтай нь уулзсан. “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг та нар барьж чадах уу” гэж би асуусан. Тэд “Ямар ч асуудалгүй. Зөв зохион байгуулалтаар хийвэл 6 сарын дотор барина” гэж хэлж байна. Жил гаруйхны хугацаанд 35 км төмөр зам тавьсан хүмүүс ингэж хэлж байна. Энэ дашрамд, олон жил улстөржүүлсэн Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг энэ онд эхлүүлнэ гэдгээ хэлмээр байна. Сайд болонгуутаа хүмүүсийн яриад байсан “Шинэ төмөр зам” төслийн Ухаахудаг, Гашуунсухайтын овоолсон шороо гэдгийг нь нүдээрээ очиж үзлээ. Хэвлэл мэдээллийнхэн ч хамт явсан. Тэнд маш их ажил хийгдсэн байна. Төмөр замын суурь бүтэц, гүүр далангийн ажлыг хийгээд дуусгачихсан байна. Анх очихдоо айж, санаа зовж байсан. Нээрээ л олон зуун сая долларыг үргүй зарчихсан юм болов уу гэж бодсон. Гэтэл газар дээрээ байдал тийм биш, маш их ажил хийснийг харсан. Хийсэн ажлынх нь чанар гүйцэтгэлд дэлхийн хамгийн том төмөр замын компани, Германы “Дойче бан” хяналт тавьж ажилласан юм байна. Би хувьдаа чанарт нь эргэлзээгүй. Юутай ч дараагийн ээлжийн ажлыг эхлүүлэхийн тулд өндөр төвшний аудит хийлгэж олон нийтийн эргэлзээг тайлах, үнэн мөнийг олох хэрэгтэй юм байна. Дахин хэлэхэд, энэ Засгийн газрын үед бид Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудлыг шийднэ. Намайг тэнд очих үед манай уурхайчид “Бид өөрсдийн хүчээр газар доорхи нүүрсээ гаргаж чадаж байна. Үүнийг тээвэрлэхийн тулд төмөр зам хэрэгтэй байна. Тэгвэл автомашинаар тээвэрлэснээс зардал 2-3 дахин хямд байх юм. Тийм учраас төмөр замын бүтээн байгуулалтаа хурдан хийгээч, бид бүтээгдэхүүнээ хямд зардлаар тээвэрлэмээр байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш манай яамныхан ч, би ч нэлээд санаа тавьж ажиллалаа. Ойрын хугацаанд бүтээн байгуулалтаа эхэлнэ гэдгийг баттай хэлье. Төмөр замын салбарын бас нэг чухал ажил бол 2009 оноос хойш ОХУ, Монгол Улсын хооронд төмөр замын транзит тээврийн хэлэлцээр хийх асуудал. Сүүлийн хэдэн сард манай яамныхан нэлээд тулж ажиллалаа. Яг одоо, энэ цаг мөчид манай яамны холбогдох дарга нар Москвад ажиллаж байна. ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд тохирох ёстой асуудлаа тохироод дуусч байна. Түүнчлэн Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын төмөр замуудаар 2016 онд тээвэрлэх гадаад худалдааны ачаа хэмжээг тохиролцох зөвлөгөөн саяхан ОХУ-ын Сочи хотод болсон. Энэ зөвлөгөөнөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврээр БНХАУ-аас ОХУ болон Европын чиглэлд 380 мянган тонн, ОХУ-аас Хятадын чиглэлд 4.102 сая тонн ачаа, нийт дамжин өнгөрөх ачааг 4.482 сая тонн байхаар тохиролцож, протоколд тусгасан. ОХУ-ын “Роснефть” компанийн 2.5 сая тонн түүхий нефтийг БНХАУ руу дамжуулан тээвэрлэхээр тохиролцсоны дагуу эхний транзит тээвэр өнгөрөгч намраас явж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Далайд гарцгүй манай орны хувьд хөрш хоёр орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч далайд гарах бусад чиглэлийн тарифын урт хугацааны нөхцөлийг бүрдүүлж байгаа ажил юм. Дээр нь нэг зүйл нэмж хэлэхэд, миний тушаалаар Улаанбаатар дахь вагон депогийн инженер, техникийн ажилтнууд хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай вагоныг тоноглож аялалд гаргаж эхэлснийг хэлмээр байна.
Авто тээврийн салбарын тухайд, Монгол, Орос, Хятад гурван улсын авто замын транзит хэлэлцээрийг энэ онд байгуулахаар бид шаргуу ажиллаж байна. Хэлэлцээрийн төслийг талууд тохирсон, ирэх зургаадугаар сард Ташкент хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцоод байна. Энэ хэлэлцээрийн дүнд Монголын авто тээвэрчид ОХУ болон БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин далайн боомт болон Казахстан, Киргиз, Пакистан зэрэг улсуур руу тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн улс болон хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарыг замд гарахаас нь өмнө эрүүл мэндийн үзлэгт оруулах ажлыг санаачлан эхлүүлэх, орон нутгийн ачаа тээрийг бүртгэлжүүлэх, улс хот хоорондын нийтийн тээврийнхний парк шинэчлэлтийг хийх зэргээр маш олон ажлыг эхлүүлээд байна.
Манай салбарыг хүмүүс авто зам барилгын ажлаар ойлгож, хүлээж авдаг. Энэ чухал салбарын ажил та бүхний нүдэнд дээр хийгддэг учраас товчхон тайлбарлая. Энэ онд Зам, тээврийн яам Монгол Улсын хэмжээнд 30 чиглэлд 3204 км авто зам, 7 байршилд 1346.3 метр урт гүүрийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүнээс он дамжин хийж байгаа ажил ч байна, шинээр эхлэх зам барилгын ажил ч байна. 2016 онд гэрээний дагуу нийт 14 төсөл, арга хэмжээний 1043.15 км хатуу хучилттай авто зам, 3 төсөл, арга хэмжээний 912.4 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, улсын ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2016 онд авто замын салбарт хэрэгжих нийт авто зам, гүүрийн барилгын ажлуудыг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсоор эхлүүлж, 5 цэгээс нээлтийн үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр орон даяар шууд дамжуулахаар бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна. Дээрх төсөл, хөтөлбөрүүд гэрээт хугацаандаа хэрэгжиж дууссанаар өссөн дүнгээр нийт 16 аймгийн төв хатуу хучилттай авто замаар нийслэл хоттой холбогдох бөгөөд аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох ажлын хүрээнд 38 сум, 3 хилийн боомт хатуу хучилттай авто замаар холбогдож улсын чанартай авто замын сүлжээний 50.1 хувь буюу нийт 6497.85 км нь хатуу хучилттай болно. Монгол улсын Авто замын сүлжээний нийт урт 49250 км, үүнээс олон улсын болон улсын чанартай авто зам 12646.7 км, орон нутгийн чанартай авто зам 36603.3 км байна. Олон улсын болон улсын чанартай нийт 32 чиглэлийн 12646.7 км авто зам, 278 ширхэг 12171.29 у/м гүүрийн ашиглалтын болон байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 компанитай зам хариуцагчийн гэрээ байгуулан авто зам, гүүрийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлж байна. Зам, тээврийн сайдын багцад 2016 оны улсын чанартай авто замын засвар арчлалтад Улсын төсвөөс 55.0 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 8.0 тэрбум төгрөг батлагдсан. Энэ хөрөнгөөр улсын чанартай авто замын ашиглалтын болон байнгын бэлэн байдлыг жилийн туршид ханган ажиллах боломжгүй юм. Иймд олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр, байнгын бэлэн байдлыг ханган ажиллахад нэмж 47.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байна. Бид зам барьсан бол засвар арчлалтад нь анхаарч байх хэрэгтэй. Засвар арчлалтын санхүүжилтийг төсөвт сайн суулгаж өгч байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ээлжит засварын шаардлагатай хөрөнгө оруулалт жил бүр хангалттай хэмжээнд төлөвлөгдөж чаддаггүйгээс дараагийн шатны буюу өртөг маш их шаарддаг их засвар, шинэчлэлтийн ажил орхигдоод байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь жил бүр улсын төсөвт шаардагдах хөрөнгийг тусгаж, жилд 200 км-ээс доошгүй авто замд зайлшгүй ээлжит болон их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх шаардлага зайлшгүй тулгараад байна. Эцэст нь хэлэхэд, Монгол Улс анх удаа хурдны зам барьж эхлэх гэж байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал руу хурдны зам тавина. Энэ сарын 18-нд орон даяар зам, барилгын ажил нэгэн зэрэг эхэлнэ. Хурдны замын ажил ч бас эхэлнэ гэдгийг хэлье. Анхаарал тавьсанд баярлалаа.