ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯАМДУУД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын долоо хоног тохиож байна-
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, чиг хандлага болон ослоос үүдэлтэй өвлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарласан бөгөөд энэ хүрээнд НҮБ-аас 2 жил тутамд 7 хоногийг тодорхой уриатайгаар зохион байгуулж эхэлжээ. Энэ жил “Хурдаа хас, амь насаа аварья” уриатайгаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өдрүүд болгон зарлаад байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлэл хийх үеэрээ 2016 оны зам тээврийн ослын үзүүлэлтээс харахад 485 хүн нас барсны 72,5 хувь буюу 352 нь орон нутгийн замд болсон нь хурдтай холбоотой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэж байгааг дурдлаа.
Мөн ард иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор сайд нарын хамтарсан тушаалаар урьдчилан сэргийлэх бүхий л боломжийг хамтран хэрэгжүүлж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүлэн ажилладаг. Тэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөнд оролцогч нарын сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, орон нутгийн замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах талаар Засгийн газрын түвшинд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулаад байгаа аж.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар осол зөрчлийн үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулан үзвэл зам тээврийн ослын дуудлага 8,2%, бүртгэгдсэн осол 7,3%, гэмтсэн хүний тоо 19,4%, эд материалын хохирлын хэмжээ 5,9%, нас барсан хүний тоо 20,6%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт 26,6%, журамлагдсан автомашин 66,9%, нийт зөрчлийн хэмжээ 20,2% тус тус буурсан үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс хэлж байлаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн өөр хоорондоо харилцан хамаарал бүхий хүчин зүйлүүдийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байдаг тул замын хөдөлгөөнд оролцогч төдийгүй зам, тээврийн, хууль сахиулах, хяналтын, боловсрол, эрүүл мэндийн, төрийн болон төрийн бус олон байгууллагууд ийнхүү дэмжиж буй юм.