ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ: САЛБАРЫН ЗАЛУУС ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ ЧАДНА
Зам, тээврийн салбарын Залуучуудын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр төрийн ордноо зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ, МИАТ, УБТЗ, Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа, Монголын төмөр зам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв зэрэг байгууллагын залуучуудын 500 гаруй төлөөлөл оролцлоо. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур салбарын нэг бөгөөд тус салбарт нийтдээ 22.000 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж байгаагийн 60 гаруй хувь нь залуучууд юм.
Тус анхдугаар чуулганыг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэлсэн юм. Тэрээр Монголын ирээдүйг бүтээх зорилго тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй салбараа манлайлсан эдгээр залууст урам зориг, итгэл хүлээлгэж, ирэх жилүүдэд их бүтээн байгуулалтын он жилүүд хүлээж байгаа тул алсыг харж, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг захилаа. Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх Монгол Улсыг Еврази дахь хөрш орнууд, Оросын Холбооны Улс, БНХАУ болон Европын бусад улс орнуудыг холбох гүүр болгох үүднээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилт тавьж 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан байдаг. Салбарын сайд Д.Ганбат зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа ажлууд болон цаашид төлөвлөж буй ажлуудын талаар чуулга уулзалтад оролцогч залуучуудад мэдээлэл өглөө.
Монгол Улс, БНХАУ, ОХУ авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсан тул гурван улсын дамжин өнгөрөх тээврийг эрчимтэй хөгжинө гэдгийг энэ үеэр онцоллоо. Түүнчлэн гурван улсын төмөр замын төв коридорын салшгүй хэсэг болох Сүхбаатар-Замын–Үүд чиглэлийн төмөр замын техникийн шинэчлэлийн ажил, Хөөт-Бичигт, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, бусад төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Авто замын салбарт 2020 он гэхэд бүх аймгийн төвүүд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгахаар төслүүдийг эхлүүлээд байгааг ч дуулгалаа. Агаарын тээврийн салбарт Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд түлхэц өгч, улмаар дагуул хот, холимог тээврийн логистикийн төв байгуулагдан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэллээ. Тэрээр “Энэ их бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд энд хуран цугласан залуус та бүхний мэдлэг, чадвар ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид бидэнд техник технологийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхах шаардлага бий болсоор байна. Тиймээс орчин цагийн мэдээллийн технологийн боломжийг ашиглан дэлхийн түвшний мэдлэг мэдээлэл, тэргүүлэх технологи, шилдэг туршлагаас судалж, нэвтрүүлж чадна гэдэгт эргэлзэхгзүй байна” хэмээн салбарынхаа залуучуудад урам, зориг өглөө.