ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ
Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг Автотээврийн үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс эрхэм хүндэт тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарын нийт хамт олон Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Өнгөрсөн хугацаанд манай үндэсний төвийн хамт автотээврийн салбарын улс, хот хоорондын, орон нутгийн тээвэр зохицуулалт, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулж, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулан өөрсдийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн ажиллаж байна.
Бид бүхэн автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх, нэгдсэн тээврийн хууль шинээр боловсруулах, салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандартуудыг шинэчлэх, шинээр боловсруулах ажлуудад байнга оролцож тээвэрчдийн санал бодлыг тусгуулан ажиллаа.
Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, үргүй зардлыг багасгах, үйлчилгээний доголдлыг арилгах зорилгоор улс, хот хооронд нийтийн тээврээр зорчих зорчигчдын тийзийг цахим хэлбэрээр болон түргэн үйлчилгээний машинаас шууд худалдан авах боломжийг бүрдүүлж тасалбар захиалах цогц системийг нэвтрүүллээ.
Улс, хот хоорондын нийтийн тээвэрт найдвартай, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлэх зорилгын хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглон хөдөлгөөний хурд, байршил, цагийн хуваарийн мөрдөлтийг байнга хянаж тээвэрлэгч байгууллага, иргэдийг тогтмол мэдээллээр ханган ажиллаж байна. Мөн дотоодын ачаа тээвэрлэлтийг бүртгэлжүүлж, эрх зүйн зохицуулалтад оруулснаар ачаа тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулаад байна.
Мөн техникийн хяналт, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээний цагийн хуваарь, хүртээмжийг нэмэгдүүлэн тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ажлыг тогтмол хийсээр байна.
Цаашид бид бүхэн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг ISO стандартын шаардлагын дагуу итгэмжлэлд хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Улс орны эдийн засгийн бүтцийн томоохон салбар, хөгжлийн нэгэн тулгуур болсон автотээврийн салбартай ажил, амьдралын зам мөрөө холбон, хөгжлийн түүчээ болж амжилтаар манлайлан улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд, эрхэм тээвэрчид та бүхэндээ аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт бүхнийг хүсэн ерөөе!
Хүчитний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, харваачдын сэц мэргэн, зон олны маань сэтгэл тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье! Та бүхэн сайхан наадаарай!
“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ