АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ АЖИЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй албаны хүмүүс болон салбарын ахмад тээвэрчид, үе үеийн төлөөлөл оролцож хамт олноо манлайлан ажилласан “Автотээврийн тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин”-ийн шагнал, мөн төрийн дээд шагнал “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт” медалийг гардуулж халуун баяр хүргэлээ. Мөн энэ үеэр Автотээврийн үндэсний төвийн “Хүндэт Өргөмжлөл”-ийг гардуулсан юм.
Эх орноо батлан хамгаалахаас эхлээд хот, аймаг сумдын бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил зэрэг бүхий л үйл хэрэгт тээвэрлэлтийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүндэтгэлийн хурлын нээлтийн үеэр онцолсон юм. .
Тэрбээр, “Тэртээ 1925 онд морин өртөөнөөс түүхээ эхэлсэн монголын тээврийн салбар өдгөө цахим системд бүрэн шилжих ажлыг амжилттай эхлүүлж байна. Бид монголын автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, улс орны хөгжилд тээврийн салбарын оруулах бодит хувь нэмрээ улам нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтоо ч амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.
Хүндэтгэлийн хурлын үеэр салбарын сайд Д.Ганбат Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардууллаа. Тухайлбал, Автотээврийн үндэсний төвийн албан хаагч Ж.Чулуунсүрэн, Д.Бурмаа, Ж.Алтанцэцэг нар "Алтан гадас", М.Энхзаяа, Л.Амгаланбаяр, Д.Шижир нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаав.
Мөн хамт олноо манлайлан ажилласан албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагуудад ЗТХЯ болон АТҮТ-өөс “Авто тээврийн тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Хүндэт өргөмжлөл” -ийг гардуулан өгч амжилт хүслээ.