Н.ЗОРИГ: ИРГЭД СТАНДАРТАД НИЙЦСЭН, БАТАЛГААТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ БОЛНО
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зоригтой ярилцлаа.
-Танай төв байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Одоогоор ямар ажил хийж байгаа талаар тодруулна уу?
-Манай төвийг автотээврийн салбарын ажил, үйлчилгээнд судалгаа хийх, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, баталгаажуулалт хийх зорилгоор байгуулсан. Ер нь, автотээврийн салбарт өмнө нь судалгаа хийдэг Тээврийн эрдэм шинжилгээний институт гэж байсан. Тэдний ажил зогссоноос хойш энэ чиглэлийн ажил орхигдож, амьдрал дээр зохицуулах шаардлагатай олон асуудал гарсан. Тиймээс л энэ төвийг байгуулсан юм. Монгол Улсын хэмжээнд Автотээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын үзлэгийн 25 төв бий. Эдгээр төв тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж, стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаж, замын хөдөлгөөнд оролцох эрх олгодог. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуульд “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь заавал итгэмжлэгдэнэ” гэж заасан. Хуульд заасны дагуу бид техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг итгэмжлэлд хамруулна. Итгэмжлэгдэхийн тулд MNSISO17020 стандартын шаардлагыг хангаж ажиллах ёстой. Манай төвийнхөн шаардлагатай баримт бичгийг нь боловсруулж, сургалт явуулах, бүх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ажлыг хариуцна. ТХҮТ-үүдийг итгэмжлүүлэхийн тулд тэнд ашиглаж буй тоног төхөөрөмжүүд холбогдох хуулиудад заасны дагуу баталгаатай, Улаанбаатар хот болон орон нутагт ашиглаж байгаа ижил төрлийн багажийн заалт адилхан байх ёстой. Гэвч ийм төрлийн тоног төхөөрөмжүүдийг баталгаажуулдаг лаборатори Монгол Улсад байгаагүй тул бид автотээврийн салбарт ашиглаж буй тоног төхөөрөмжүүдэд шалгалт, тохируулга хийх, баталгаажуулах Хэмжил зүйн лабораторийг байгуулсан. Стандарт хэмжил зүйн газраас “MNSISO17025 стандартын шаардлага хангажээ” гэж үзээд манай лабораторийг итгэмжилсэн. Тэгэхээр манай лабораторид шалгалт, тохируулга хийлгэсэн үзлэгийн төвүүдийн тоног төхөөрөмжүүд баталгаатай болно гэсэн үг. Бид шалгаж тохируулах ажлыг тодорхой хуваарийн дагуу хийж байгаа. Жил бүр энэ ажлыг хийнэ. -ТХҮТ-үүдэд олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж дутагдаж байна уу? -Дутагдсан зүйл байхгүй. Манай АТҮТ Олон улсын техникийн хяналтын хороо /CITA/-нд бүрэн эрхт гишүүнээр элссэн. Тэр хороонд дэлхийн 50 гаруй орны 120 гаруй байгууллага гишүүнчлэлтэй юм билээ. Энэ хорооноос зөвлөмжүүд гаргадаг. Тиймээс тэдгээр зөвлөмжийг нь авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьж байна. Ер нь, зөвлөмжийг нь уншаад үзэхэд манай техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаа тэдэнтэй нийцэж байна. Бид тэднээс хоцроогүй, ижил түвшинд явж байна. Анх ТХҮТ-үүдийг 2001-2005 оны хооронд Дэлхийн банк, Нордикийн хөгжлийн сангаас Монгол Улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээл авч “Тээвэр хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулж, европ стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр тоноглосон тул олон улсын стандартад нийцэж байгаа юм.
-Ер нь, танайх голчлон ямар үзүүлэлтээр техникийн хяналтын үзлэг хийдэг юм бэ?
-Тоормосны систем, жолооны механизм, тэнхлэгийн тохиргоо, дуу чимээний түвшин, хөдөлгүүрээс гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, гэрэлтүүлэг, техникийн ерөнхий өнгө үзэмж, иж бүрдэл гэхчлэн тухайн автомашины ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж, дүгнэлт гаргадаг. Шаардлага хангавал замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож, хангахгүй бол засвар хийлгээд эргэж үзлэгт орох зөвлөмж өгдөг. Хэрэв үзлэгт тогтоосон хугацаанд орохгүй бол хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна шүү дээ.
-Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллага, авто засварын газруудын үйл ажиллагаанд бас хяналт тавина гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг баталсан байдаг. Уг жагсаалтад манай автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн тээвэр, автомашины оношлогоо болон засварын газар орсон. Тэдгээр байгууллага тохирлын үнэлгээ хийлгэж, баталгаанд заавал хамрагдах ёстой. Тухайн байгууллагын ажил, үйлчилгээ тогтоосон стандартын шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдэгт үнэлгээ хийж, тохирлын гэрчилгээ олгодог. Ер нь, бид автотээврийн салбарт тохирлын үнэлгээ хийх баталгаажуулалтын байгууллага байгуулахаар ажиллаж байна. Уг байгууллага нь MNSISO17065, MNSISO17067 гэсэн стандартуудын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн байх ёстой. Эдгээр стандартын дагуу холбогдох баримт бичгүүдийг боловсруулж байна. Ойрын хугацаанд хот хооронд болон нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, автомашины засварын газруудад тохирлын үнэлгээ хийнэ. Үнэлгээ хийгээд шаардлага хангасан байгууллагад тодорхой хугацаатай тохирлын гэрчилгээ олгох юм. Зорчигчид стандартын шаардлага хангасан нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Мөн засварын газруудын үйлчилгээ баталгаатай байх нь чухал. Тохирлын үнэлгээ хийлгэсэн байгууллагуудын үйл ажиллагаанд баталгаажуулалтын байгууллага магадлан үнэлгээ хийж, хяналт тавих тул үйл ажиллагаа нь баталгаатай байх болно. Өөрөөр хэлбэл, та баталгаатай засварын газарт машинаа засуулах боломжтой. Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд ч үйлчлүүлэгчийнхээ өмнө нүүр бардам байх боломж бүрдэнэ.
-Манай улсад авто засварын газар маш олон. Бараг ихэнх нь бүртгэлгүй ч байж мэднэ. Тэгэхээр энэ бүгдэд тохирлын үнэлгээ хийх ёстой юу?
-Стандартад заасан шаардлага хангаж л байвал бид үнэлгээг нь хийгээд өгнө. Өөрөөр хэлбэл, барилга, тоног төхөөрөмж нь ийм байх ёстой гэсэн стандартын заалтууд бий. Хэрэв тэр заалтыг хангахгүй бол стандартад нийцүүлэх шаардлага тавина. Тэгээд ч баталгаа хийгээд эхэлбэл иргэд баталгаагүй газар руу явахгүй шүү дээ. Мөн дугуй засварын газруудад ч тохирлын үнэлгээ хийнэ. Дугуйны хий сулрахаар нь очтол “Хэдээр хийлэх вэ” гэж асуугаад, хэлсэн тоогоор хийлсэн болоод мөнгө аваад явуулдаг. Үнэн хэрэгтээ тэр монометр нь зөв заадаг эсэх нь тодорхойгүй. Энэ нь том эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй шүү дээ. Иргэдэд баталгаатай, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх ёстой. Тохирлын үнэлгээ хийж, АТҮТ-ийн логотой гэрчилгээ өгөөд орхилгүй, тодорхой хугацааны дараа дахин үнэлгээ хийнэ. Монгол Улсын бүх салбарт СХЗГ дангаараа тохирлын үнэлгээ хийж, баталгаажуулна гэдэг амаргүй. Тиймээс автотээврийн салбарыг бид хариуцах санаачлага гаргаад, СХЗГ-тай санамж бичиг байгуулж, ажлын төлөвлөгөө гаргаад хамтран ажиллаж байна.
-Чанарын үнэлгээ хийлгэх байгууллагууд тодорхой хэмжээний мөнгө төлөх үү?
-Тэгэлгүй яах вэ. Шадар сайдын тушаалаар үнэлгээний тарифийг нь баталсан байдаг юм билээ. Бид ч стандартад заасны дагуу тохирлын үнэлгээ, баталгаажуулалт хийхдээ тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна. Манай баталгаажуулсан тоног төхөөрөмжийг олон улсаас ирээд шалгаж болно. Учир нь, манайх Монгол Улсдаа, Монгол Улсын стандартын байгууллага нь, Ази Номхон далайн бүс болон олон улсад итгэмжлэгдсэн байдаг болохоор олон улсын экспертүүд ирж шалгах эрхтэй. Усны болон цахилгааны тоолуур, дэлгүүрийн жин хэмжүүрийг бид “Энэ буруу зааж байгаа байх” гэж бодолгүй хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Үүнтэй л адил автотээврийн салбарын үйлчилгээг баталгаажуулах гэж манай төв ажиллаж байна.
-Танайх бас автомашины гэрлийн тохируулга хийж байгаа гэв үү?
-Сүүлийн үед баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин импортоор олноор орж ирж байна. Эдгээр автомашин манай улсын замын хөдөлгөөнд оролцоход гэрлийн тусгал нь буруу тусч, эсрэг урсгалаас ирж байгаа автомашины жолоочийн нүдийг гялбуулдгаас зам тээврийн осол зөрчил гарах магадлал өндөр байдаг. Ялангуяа, хот хооронд автомашин жолоодоход их гялбуулдгийг та бүхэн мэдэх байх. Өөд өөдөөсөө явж буй хоёр автомашины гэрлийн тусгал нэг нь зөв, нөгөө нь буруу бол буруу нь зөвийгөө гялбуулдаг. Тиймээс баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх талаар нэлээд судалгаа хийсэн. Барууны зарим орон, ОХУ-д ч манайх шиг баруун, зүүн гар талдаа хүрдтэй автомашин холилдсон байна. Үүнийг зохицуулахын тулд 1958 оны Женевийн хэлэлцээрийн дагуу НҮБ-аас техникийн маш олон зохицуулалт гаргасан. Тэр дотроо гэрлийн тусгалтай холбоотой “Замын хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхээс сэргийлж тээврийн хэрэгслийн зүүн гар талын хөдөлгөөнд нийцсэн гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд нийцүүлж өөрчилж болно” гээд, хэрхэн өөрчлөх тухай хэдэн хувилбарыг зөвлөсөн байна. Бид судалж үзсэний үндсэн дээр өөрсдөө нэг арга олсон. Ер нь, автомашинуудад үйлдвэрлэгчид төрөл бүрийн гэрлийн шил тавьдаг бөгөөд Н4 маркийн галегон гэрлийн шилтэй автомашин ихэнх хувийг нь эзэлдэг юм байна. Энэ төрлийн гэрлийн шилний суурь гурван сэртэнтэй. Сэртэнгүүдийг нь нугалаад оронд нь өөр бэлдэц хийж тохируулах боломжтой. Галегон гэрэл бүх машинд цагийн зүүний дагуу 15 хэмд байрладаг. Үүнийг нь буцаагаад 30 хэм эргүүлчихэд тусгал нь өөр болж байгаа юм. Энэ нь, гэрлийн шилэн доторх хөшигнийх нь байрлалыг өөрчилж өгч буй хэрэг. Бид туршилтаа хийгээд, ойрын хугацаанд 100 мянган автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх зорилт тавиад, бэлдэц хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж байгаа.
-Гэрлийн тусгал өөрчлөх үйлчилгээг танайх өөрсдөө хийх үү, эсвэл өөр байгууллагад эрхийг нь өгөх үү?
-Энэ аргаар тусгалыг нь өөрчлөхөд ядах юмгүй. Тиймээс бид засварын газруудтай хамтарч ажиллана гэж төлөвлөж байгаа. Засварын газруудын зарим нь “Бид засвар хийлгэсэн машиндаа хийж өгөөд байж болно” гэсэн. Зарим автомашины гэрлийн шилийг солихын тулд урд буферийг нь ч авдаг юм байна. Гэвч аль болох жолоочид хүндрэл учруулахгүй байдлаар энэ ажлыг хийнэ. -Ер нь, танай үйлчилгээнд багтсан дээрх асуудал бүгд л амьдрал дээр тулгардаг хэр нь ямар ч зохицуулалтгүй байсан. Харин одоо стандарттай болох юм байна. Эдгээрээс өөр цаашид хийх ямар ажил байна вэ? -Бодсон, төлөвлөсөн олон л ажил байна. Тухайлбал, манайхан гаднаас ямар ч зохицуулалтгүй сэлбэг хэрэгсэл оруулж ирдэг. Үйлчлүүлэгчид ямар ч баталгаагүй мотор, хурдны хайрцаг худалдаж авдаг. Саяхан би “Өгөөмөр” захаар орлоо. Тэгсэн жижиг автомашины моторыг шалан дээр тавиад, ундааны савтай шатахууныг насос руу нь гуурсаар холбочихож. Тэгээд аккумлятор авчирч залган мотороо асаагаад шалгаж байна. Өөрсдөө арга сэдэж “Миний энэ мотор хэвийн ажиллаж байгаа” гэж л харуулж буй хэрэг л дээ. Энэ нь зөв санаачлага. Тиймээс сэлбэг хэрэгслийг шалгах лаборатори байгуулж, зах дээр зарж байгаа моторуудыг авчирч шалгаж баталгаажуулаад өгч болно. Гэхдээ энэ миний л бодол. Үүний дагуу стандарт баталсан байдаг. Иргэд ч баталгаатай сэлбэг авна. Зарж буй хүндээ ч амар. Магадгүй үнэ нь жаахан өсөх байх. Гэвч баталгаатай болно шүү дээ. Ямар ч баталгаагүй газраас мотор аваад тавьдаг, сарын дараа эвдрэх тохиолдол их. Мөн манай Хэмжил зүйн лаборатори байгуулсан Сонгинохайрхан ТХҮТ-д үзлэгийн зориулалттай, одоохондоо ашиглаагүй хоёр шугамтай байр бий. Тэр байрыг ашиглаж, Автотээврийн салбарын нэгдсэн лаборатори болгоё гэж байгаа. Улаанбаатарт тоолууртай ч тэр нь зөв заадаг эсэх нь тодорхойгүй 400 гаруй такси бий. Тэдгээрийн тоолуурыг бид дээрх төхөөрөмжийг ашиглаад техникийн бүх үзүүлэлтийг нь үзэж, албан ёсоор баталгаажуулан дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Харин манай дүгнэлтийг үндэслээд СХЗГ баталгаажуулалтын гэрчилгээг нь олгоно. Бидэнд тоног төхөөрөмж нь бэлэн байгаа. Үйл ажиллагаа явуулж буй юм чинь зардал гарна, түүнийг нөхөх хэмжээний тодорхой төлбөр авах ёстой. Энэ асуудлыг бид салбарын яамандаа тавиад шийдвэрийг нь хүлээж байна. Түүнчлэн, бид үзлэг оношлогоо хийлгэх захиалгат үйлчилгээг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, ирээд дугаарлаж зогсох боломжгүй хүмүүс манайх руу холбогдоод “За би тэдэн сарын тэдэнд машинаа оношлуулмаар байна” гэхэд нь бид захиалгыг нь боломжтой цагт нь авдаг болно. Тухайн хүн тогтсон хугацаа, цаг нь болоход ирээд хүлээж зогсохгүй үйлчлүүлээд явна гэсэн үг. Гэхдээ захиалга авдаг шугам нь тусдаа байх ёстой. Энэ бүх зохицуулалтыг хийнэ. Энэ мэтчилэн бидний хийж байгаа болон цаашид хэрэгжүүлэх олон ажил бий. -Ярилцсанд баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!