“АВТОТЭЭВРИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Автотээврийн салбарын залуучуудын “Автотээврийн хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт анхдугаар чуулга, уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын дарга С.Батболд болон Автотээврийн үндэсний төвийн удирдах зөвлөл тэргүүтэй тус үйлдвэрийн газрын залуучууд 200 гаруй төлөөлөл оролцлоо.
Чуулганыг нээж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл үг хэлсэн юм. Тэрээр Автотээвэр гэсэн салбараараа дамжуулан улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож өнөө цаг үеийн Монгол Улсын болон тээврийн салбарын түүхийг бичилцэж яваа тээвэрчин залуучууд сэтгэлээрээ нийлэн хуран чуулж байгаад баяртай байна. Автотээврийн салбар нь Монголын тээврийн бусад төрлүүдээс хамгийн ууган нь бөгөөд үйлчилгээг хэрэглэгчдэд хаалганаас хаалганд хүргэж өгдөг хамгийн өргөн хүрээг хамарсан тээврийн салбар юм.
Автотээврийн салбарын хувьд бүс нутгийн тээвэр логистикийн сүлжээнд холбогдон Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох, Монгол тээвэрчид бүс нутгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэхээр мөн зорин ажиллаж байна.Зам, тээврийн салбарын энэхүү эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд залуучууд та бүхний идэвх, санаачилга хамгаас чухал юм. Иймд залуучууд та бүхэн салбарынхаа хөгжилд ахмад үеэсээ болон хөгжингүй орнуудын туршлагаас суралцан өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.
Тус чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын дарга С.Батболд “Автотээврийн залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, үүрэг хариуцлага” сэдвээр илтгэл танилцуулж тээвэрчин залуучууддаа мэдлэг, мэдээллийг өглөө. Мөн салбартаа манлайлан ажиллаж буй таван залуудаа МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдгийг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.