Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-10-30 01:04:57

Ш.БАТСАЙХАН: ГАШУУНСУХАЙТАД АЛЬ Ч ТАЛЫГ ХОХИРООХГҮЙГЭЭР ДЭГ ЖУРАМ ТОГТООХ ЁСТОЙ

Өмнөговь аймаг дахь Монгол, БНХАУ-ын хилийн Гашуунсухайт боомтод үүсээд буй нөхцөл байдлын талаар манай агентлаг сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Энэ удаад төрийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.

-Гашуунсухайт боомтод үүсээд буй нөхцөл байдлын шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ? 

-Гашуунсухайтад үүсээд буй нөхцөл байдлын шалтгаан тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, уурхайнууд, автозам гээд тал талдаа байгаа. Мөн хамгийн том шалтгаан нь хилийн нэвтрэх чадвартай холбоотой. БНХАУ-ын хилийн нэвтрүүлэх чадвар тодорхой хугацаанд өмнөхөөс хоёр дахин буураад байна. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх, хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлж хуучин хэмжээнд нь хүргэх чиглэлээр бүх шатандаа санаачлага гаргаж ажиллаж байна. Нэвтрэх чадварыг нэмэгдүүлснээр энэ жил экспортод гаргах нүүрсний төлөвлөгөөндөө хүрэх боломж үүсэх бөгөөд Уул уурхайн яам, ЗТХЯ, АТҮТ, уурхайнууд хамтран удаа дараалан арга хэмжээ авч байгаа.        

-Зам дээр үүсээд буй 110 км урт цувааг багасгахад Монголын зүгээс авах боломжтой арга хэмжээ юу байна вэ?

-Бидний зүгээс нэг зүйлийг хийх шаардлагатай болж байгаа. Зарим ажлыг  эхлүүлчихсэн ажиллаж байна. Хилийн нэвтрэх чадвар энэ чигээрээ үргэлжилж, өдөрт 500-600 тээврийн авто машин хил нэвтрээд байвал асуудал улам хүндэрнэ. Өмнө нь нэг өдөрт хилээр нэвтрэх авто машины тоо 1600 хүрч байсан үе ч бий. Ингээд харахаар нэвтрэх чадвар хэрхэн багассан нь ойлгомжтой. Монголын талаас гаалийн хяналтын нэвтрэх чадвараа нэмэгдүүлж, саадгүй болсноор нэвтрэх машиныг тоог тодорхой хэмжээнд нэмсэн. Мөн уурхайнуудад чиглэл өгч, графикт оруулсан. Зөвхөн тээврийн талын график гэж яриад байж болохгүй, уурхайн экспортын зөв төлөвлөлтөөс эхлэх ёстой юм. Жишээ нь манай уурхай энэ жил 3 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төлөвлөж байснаа явцын дунд тодотгол хийж 4 сая болгоно гэж болохгүй. Анхнаасаа эдийн засгийн үр өгөөж, гаргалгаа, уурхайн даацаа зөв тооцох ёстой. Ингэж байж олборлох нүүрснийхээ хэмжээгээр тээвэр зохион байгуулалтаа оновчтой хийнэ. Бидний зүгээс ирэх оны нэгдүгээр улирлалд тээвэр зохион байгуулалтыг нь хийж, нийт экспорт нь тэд, үүнд тэдэн тээврийн хэрэгсэл шаардлагатай гэсэн төлөвлөгөө хийнэ.

-Тээвэр зохион байгуулалтын оновчтой шийдлийг хэрхэн гүйцэтгэж болох вэ?

-АТҮТ-өөс барьж буй нэг том бодлого бол тээврийн байгууллагууд Авто аж ахуйн системээр үйл ажиллагаа явуулдаг байхыг шаардаж байгаа. Бидэнд гэрээ байгуулсан материалаа ирүүлдэг ч газар дээрээ бодит байдал нь зөрүүтэй байдаг. Иймээс хагас жилийн гэрээ дүгнэлтээс хойш 20 гаруй аж ахуйн нэгжүүдийн гэрээг түдгэлзүүлж хассан. Дээр нь бид “Энержи Ресурс” компанид Авто аж ахуйн системийн талаар практик сургалт хийсэн. Одоо дахиад ААН-үүдийн тээвэр зохион байгуулагч нарыг сургалтад хамруулж байгаа. Үндсэндээ өдөр тутмын тээвэр зохицуулалтыг компанийн захиргаа, захирал нь биш тээвэр зохион байгуулагчид нь хийдэг учир бид тулж ажиллаж байгаа юм. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АТҮТ Гашуунсухайтад салбараа байгуулж ажиллаж эхэлсэн. Ингэснээр бидний үйлчилгээ улам бүр ойртож, богино хугацаанд шийдвэр гаргах боломж бүрдээд байна.

-Тавантолгойд олборлолт хийж байгаа компаниудад тээврийн квот тогтоосон байсан. Энэ талаар?

-Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гарч ЗТХЯ, УУЯ, Сангийн яам, БОАЖ-ын яам хамтран энэ асуудлыг шийдвэрлэвэл зохих гаргалгааг гаргаж, эргэж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу УУЯ-тай хэлэлцээд хамгийн зөв шийдэл бол квот тогтоох гэдэгт санал нэгдсэн. Уул уурхайн яаман дээр ААН-үүдэд квот өгөх асуудлаар уулзалт өрнөж байгаа. Нөхцөл байдал үнэхээр ийм байхад уурхайгаас хэмжээгүйгээр ачиж зам руу гарган зам дээр урт оочер дараалал үүсгэдэг асуудлыг цэгцлэх зорилготой. Одоо бол Гаалийн манифест буюу Гаалийн баталгаат лац тавих дээр квот тогтоон барьж байгаа юм. Гэхдээ ингэхээр зарим нэг алдаа дутагдал гараад байна. Жишээ нь орон нутгийн “Тавантолгой” компанид 15 хувийн квот өгчихөөр уурхайгаасаа 15, Цагаан хадаас дахиад 15 хувийг ачаад байгаа. “Энержи ресурс” мөн Цагаан хадан дээр буулгаад эхэлсэн. Ингэхээр уурхайгаасаа 40 хувь, Цагаан хадаас 40 хувь ачаад, үүний үр дагавраар зам дээр зогсох жолооч нарын тоо, км багасахгүй, эсрэгээрээ өдөр ирэх тусам нэмэгдээд байна. Бид өөрсдөө хувийн зохион байгуулалтгүйгээсээ болоод ийм нөхцөл үүсгээд байна. Дээрээс нь аж ахуйн нэгжүүд үүрэг хүлээхгүй, хамт санал өгч хэлэлцчихээд нөгөө гараараа зөрчөөд байна.

-Тэнд байгаа гурван компани квотын хувь, хэмжээнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Ямар шалгуураар тогтоосон юм бэ?

-Тээврийг хүн хийж байгаа учраас зам дээр байгаа 7000 гаруй жолоочийн ажил амьдралыг бодож энэ шийдвэрийг гаргах гээд байгаа юм. Түүнээс нэгийг нь илүү, нөгөөг нь бага явуулах гэсэн хувийн сонирхол УУЯ, Сангийн яам, ЗТХЯ-ны хэнд нь ч байхгүй. Одоо квотоо нарийн тогтоогоод үүнийгээ мөрдүүлэхийн төлөө ажиллана. Хоосондоо буюу нүүрсээ ачихдаа ямар нэг байдлаар цуваа үүсгэж дугаарлах шаардлагагүй гэж бид өдөр бүр ААН рүү утас цохин хэлж байгаа. Хуваарьтай өдрөө л очоод аччих хэрэгтэй. Дээрээс нь ААН-үүд маань худалдан авагч нартайгаа гэрээлж байгаа. Нүүрсээ зөөж тээвэрлэж дуусах хугацаагаа харгалзан өдөрт оногдсон квотын тоондоо тааруулан хуваарилахаар тохиролцсон. Хамгийн чухал нь энэ асуудалд дэг журам тогтоох ёстой. Монголын нүүрсийг худалдан авч байгаа компани, олборлож байгаа уурхай, тээвэрлэж байгаа компани, төрийн бодлогын аль нь ч хохирохгүй байх ёстой. Энэ алтан балансыг алдагдуулахгүй байх  нь чухал гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгэхээр одоо тогтоогоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” 45, “Энержи ресурс” 40, орон нутгийн “Тавантолгой” 15 хувийн квот нь  өөрчлөгдөнө гэсэн үг үү? 

-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт яг энэ квотын асуудлаар бид уулзалт хийсэн. Хилээр орж ирж байгаа хоосон тээврийн хэрэгслийнхээ хувь хэмжээг харах ёстой. Хилээр орж ирж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н тээврийн хэрэгсэл 60 хувь, “Энержи Ресурс” 20 гаруй хувь, орон нутгийн “Тавантолгой” 10 орчим хувь байгаа. Мөн дээр дурдсанчлан уурхайн төлөвлөлтийг харгалзах ёстой юм. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бид аль ч компанийнх нь ямар нэгэн төлөөлөл байхгүй байхад квотын асуудлыг хөндөж яриагүй. Бүгд хамт сууж ярилцаж, шийдэлд хүрсэн. Өмнөх шигээ “уртын урт”, “богино”-доо ч хэдээр ачиж байгаа нь мэдэгдэхгүй зах замбараагүй зохион байгуулалттай байхыг хүсээд байвал бид тийм байлгаж чадахгүй гэсэн байр суурийг хэлж байгаа. Тээврийн байгууллагын хувьд зөвхөн тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтаа барьж, тэр тогтоосон хувь хэмжээнд нь хэрхэн зохицуулалт хийх вэ гэдэгт л анхаарч байна. Нэг зүйлийг хэлэхэд бид уурхайнууддаа тээвэр зохион байгуулалтын тусгай программ хийж өгч байгаа. Энэ программыг УУЯ, Сангийн яам, Гааль гээд хилийн тээвэртэй холбоотой бүх байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар боловсруулсан.   

-Уурхайгаас Гашуунсухайт хүртэлх 200 гаруйхан км зайд жолооч нар 10 гаруй хонож, их л зутруухан тээвэр хийж байгаа харагдсан. Жолооч нарын хувьд ямар арга хэмжээ авбал зохистой юм бэ?

-Бидний зүгээс тээврийн компаниуддаа аль болох хурдан шуурхай мэдээллийг өгч, жолооч нараа замд гарахаас нь өмнө кэмп дээрээ амрааж, ажил амьдралын горимыг нь алдагдуулахгүй байх талаар компаниудад захиж байгаа. Кэмп дээрээ дуудаж амраачихаад хугацааных нь дагуу гаргачихад жолооч нар зам дээр хоноод байх шаардлага байхгүй. Уурхайгаас хил хүртэлх 243 км замыг ашиглалтын хурдаар нь тооцвол 8 цаг 8 минут л явна. Замдаа цаг гаран амраад явахад шүү дээ. Гэхдээ тээврийн байгууллагууд өөрсдөө Авто аж ахуйн системээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаагаас болоод энэ асуудал үүсч байна. Нөгөөтэйгүүр жолооч нар ачаагүй үедээ амрах газар байхгүй учраас уурхай руугаа очиж ачих гэж зүтгээд байгаа юм. Гэрээлж байгаа компаниуд нь ямар ч үүрэг хүлээхгүй байна.

-Зарим хүмүүс жолооч нарт амрах боломж олгохын тулд “Адууны хашаа” гэх зогсоол байгуулах ёстой гэсэн санааг хэлж байсан. Энэ боломжтой юу?

-Гашуунсухайт чиглэлд тээвэр хийдэг 100 гаруй, цаана 50 гаруй ААН байгаа. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг дарга руу кэмп байгуулахад нь туслалцаа олгож өгөөчээ гэж хүртэл албан бичиг өгсөн. Шийдэгдээгүй л байна. “Адууны хашаа” байгуулах боломжтой. Хэрэв байгуулж чадвал жолооч нар тэндээ машинаа байршуулаад ороход нь өгсөн дугаараа болохоор хилээр нэвтэрдэг, бусад үед нь амардаг болно. Гэхдээ газрын асуудал нь шийдэгдэхгүй байна.

-Гашуунсухайт чиглэлд тээвэр хийж буй компаниудын хэдэн хувь нь Монгол юм бэ?

-Ер нь бол тээвэр хийж буй 7000 гаруй автомашины 3000 орчим нь Монгол, бусад нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид харьяалагддаг. 

Нуулгүй хэлэхэд, цагдаа нар болон авто замынхан мөнгөөр оочер өгч байна гэсэн яриа байдаг юм билээ?
-Хууль бусаар эсвэл хулгайн замаар явж байгаа, дээрээс нь тэнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдыг ямар нэгэн нотолгоогүй зүйлээр гүтгэхийг бид бол зүгээр хараад сууж чадахгүй. Хамтарч ажиллаж байгаа байгууллагууд ямар нэгэн алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ мөнгө авч явуулж байна гэсэн дам яриаг хөдлөшгүй нотлох баримтаар нотолсон мэдээлэл ирээгүй.

-Нэг зүйлийг асуухад БНХАУ-ын тал нэвтрэх чадвараа өмнөх шигээ дөрвөн зам болгож нэмэгдүүлбэл Гашуунсухайтын зам дээр үүсээд буй нөхцөл байдал бүрэн цэгцэрч чадах уу?
-Цэгцэрч болно. Бидэнд ирж байгаа мэдээллээр одоо нэг тээврийн хэрэгслийг БНХАУ-ын тал 25-28 минут шалгаж байгаа. Харин БНХАУ-ын дөрвөн гарцаараа авч, манайх зургаан гарцаараа гаргавал тооцоо хийж үзэхэд өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 2000-д нэлээн дөхнө. Манайх нэвтрэх чадвар тааруу, БНХАУ-ын тал сайн авч байхад 1600 орчим тээврийн хэрэгсэл гарч байсан. Дараа нь манайх нэвтрэх чадвараа нэмэгдүүлсэн ч дээрх асуудал үүсч, нэвтрэх гарцаа багасгасан.

-Гарц нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхэд яг өнөөдрийн байдлаар төрийн байгууллагууд ямар ажил хийж байгаа вэ?
-Холбогдох яамд, тамгын газрынхан чиглэл чиглэлээрээ БНХАУ-ын Элчин сайдын яамтай уулзалт хийж байна. Ойрноос нааштай шийд гарна байх гэсэн итгэл, хүлээлттэй байгаа. Манай тээврийн байгууллагын хувьд гарц багасгасан гэх шалтгааны нэг болсон. Хууль бус зүйл авч гарахыг оролдсон, бичиг баримтгүй хүн нууж хил гаргахыг завдсан гээд зарим нэг шалтгаан нь болдог юм. Тиймээс бид тээврийн компаниудаа үүрэгжүүлж, хэрэв хууль бус үйлдэл гаргах юм бол гэрээг цуцална гэдгийг онцгой анхааруулсан. Харин гаалийн байгууллагууд энэ зөрчлүүдийг үгүйсгэдэг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Аль аль нь мэдээллээ баталгаажуулж, үнэхээр батлагдаж, нотлогдсон зүйлд хариуцлагатай хандаад явах хэрэгтэй.   

 

Ярилцсан: Н.Гантуяа, Улаанбаатар /МОНЦАМЭ/

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.