ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ
ШАГДАРЫН САМБУУ
/1941-2017/
Автотээвэрчдийн ахмадын хорооны дарга Шагдарын Самбуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Шагдарын Самбуу нь 1941 онд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын “Элсний ам” гэдэг газар төрсөн.
Тэрээр 1961 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургууль, 1965 онд Эдийн засгийн дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгсч, автотээврийн тавдугаар баазад ахлах нягтлан бодогчоор хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1966-1978 онд Тээврийн яаманд мэргэжилтэн, 1978-1980 онд Хотын тээврийг удирдах газарт Төлөвлөгөө, хөдөлмөр, цалин хөлсний хэлтсийн дарга, 1980-1997 онд Тээврийн яаманд Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга, Санхүүгийн хянан байцаах хэлтсийн дарга, мэргэжилтэн, 1997-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газарт эдийн засагч, бүртгэлийн мэргэжилтэн, 2005 оноос Автотээвэрчдийн ахмадын хорооны даргаар тус тус ажиллаж байлаа.
Ш.Самбуу нь улсад 52 жил ажиллахдаа автотээвэр, авто засварын үйлдвэр, усан зам, нефть сэлбэг хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хөтлөгдөх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны 155 маягтыг боловсруулан эдийн засгийн төв байгууллагаар батлуулж, салбартаа бүрэн мөрдүүлэн, өмч хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг шаардлагын хэмжээнд хүргэж ажилласан нь өмчийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн хөшүүрэг болсон төдийгүй байгууллагуудын зардалд хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний судалгаа хийж сэлбэг, шатахуун, эд материалд норм, норматив тогтоон мөрдүүлэх, автобаазад зэрэглэл тогтоох, ажиллах хүчний тогтмол орон тооны нормативыг бий болгох, салбарт мөрдөж байгаа үнэ тарифын үндэслэлийг сайжруулан мөрдүүлэх, тайлан балансын маягтыг боловсронгуй болгох зэрэг нөр их хөдөлмөр шаардсан ажлыг хийж гүйцэтгэхэд мэргэжлийн хамт олны хүчийг зөв чиглүүлэн удирдаж биечлэн үлгэрлэн ажилладаг хүн байлаа.
Мөн автотээврийн салбарт төлөвлөлт эдийн засгийн урамшууллын шинэ системийг нэвтрүүлснээр салбарын үр ашиг их хэмжээгээр нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг 2 дахин өсгөх боломжтой болгосон бөгөөд байгууллагын өөрийн мэдэлд үлдэх үйлдвэр хөгжүүлэх, нийгэм соёл, шагналын фондуудын зарцуулах журам зааврыг боловсруулан хэрэгжүүлж ажилласнаар байгууллагын материалаг баазыг бэхжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудал, хамт олны бүтээлч идэвхийг өрнүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эдийн засагч байсан.
Ш.Самбуу нь Автотээвэрчдийн ахмадын хорооны даргаар ажиллах хугацаандаа ахмад настанд үзүүлэх халамж үйлчилгээний талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, харъяалах байгуллага нь татан буугдсан салбарын ахмад настнуудыг харъялах байгууллагатай болгох, өвчтэй байгаа болон гачигдал тохиолдсон ахмад настанд тэтгэмж тусламж олгуулах, амралт сувилалд амраах сувилуулах, эмнэлгийн нэгдсэн үзлэгт хамруулах зэргээр байгууллагаас тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн идэвх санаачилгатай ажилласныг Монголын ахмадын холбоо үнэлж “Ахмадуудад ээлтэй байгууллага” гэрчилгээ олгосон юм.
Ш.Самбуу гуайн хөдөлмөр зүтгэлийг төр, засгийн байгууллага өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Автотээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Онц тээвэрчин” цол тэмдгээр тус тус шагнагдсан байна.
Ш.Самбуу нь ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй шударга зан чанар, холч ухаан, мэдлэг, боловсролдоо эзэн болсон, хамт олондоо нөмөр түшигтэй, ажилсаг, хичээнгүй байдал нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэж, Монгол Улсын автотээврийн салбарт оруулсан бүтээлч ажил үйлсийг нь үргэлжид дурсах болно.
Ум сайн амгалан болтугай.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
“АВТОТЭЭВЭРЧДИЙН АХМАДЫН ХОРОО”