ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААРЫН ДАВХАРДЛЫГ АРИЛГАЖЭЭ
Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд өнөөдөр шуурхай хуралдаж, тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлын хүрээнд санал солилцлоо. Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгөх, автомашины азын дугаар зарах зэрэг үйлдлүүдийг таслан зогсоох хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг шуурхай хурлын үеэр онцоллоо. Мөн автотээврийн хяналтын байцаагч, ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, салбар төвийн дарга нар дээрх асуудлуудад өдөр тутмын хяналтаа тавьж, ажилтан албан хаагчдыг хувийн ашиг сонирхлоос урьчилан сэргийлэх, зохион байгуулалтад оруулах зэрэг үүргийг салбарын дарга нарт өгсөн юм.
Шуурхай хурлын үеэр Автотээврийн тухай дүрэм журмуудыг шинэчлэн боловсруулж, байцаагч, албан хаагчдаа чадавхижуулах сургалт зохион байгуулах чиглэлээр график төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаараа Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг танилцуулсан юм. Мөн такси үйлчилгээ явуулдаг компаниуд тоолуураа баталгаажуулсан, стандарттай байх ёстой байдаг ч баталгаажсан тоолууртай такси байдаггүйг дуулгаад таксины тоолуурыг баталгаажуулахаар ажиллаж байгаа аж.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь худалдан авах ажиллагаанаас хэмнэгдсэн хөрөнгөөр Автотээврийн хяналтын байцаагч нарын хувцас хэрэглэлийг шийджээ. Тиймээс цаашид аливаа үйл ажиллагаа, арга хэмжээг үр дүнтэй, оновчтой зөв зохион байгуулж, төсөв зардлаа хэмнэх үүргийг Захирлын зөвлөлөөс нийт дарга нарт үүрэг болгов.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс арлын дугаар давхардсан тээврийн хэрэгслүүдийн асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардсан асуудлыг Замын цагдаагийн албатай хамтран цэгцэлсэн талаар хэлтсийн дарга Б.Гүрсоронзон танилцууллаа.
Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай бүлэг, ажлын хэсгүүдийг зохион байгуулалттайгаар ажиллуулж, замын нөхцөл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг тухай бүрт өгч, арга хэмжээ авч ажиллажээ.
Ачаа тээвэрлэлтийн хувьд өдөрт 500-600 тээврийн хэрэгсэл Гашуунсухайт боомтоор тээвэрлэлт хийж байгаа бөгөөд тус боомтод 91 км-ийн цуваа үүссэн байдалтай байгааг Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр хэллээ. Энэ хүрээнд Уул уурхайн яам болон уурхайнуудтайгаа хамтран ажиллаж, тээвэрлэлтийн чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг тухай бүрт нь авч ажиллаж байгаа аж.
Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар шуурхай хурлын үеэр сахилга хариуцлага, дэг журам чангатгах тухай Засгийн газрын тогтоолыг нийт дарга нарт танилцуулаад улс төр, авлига, хүнд суртлаас ангид ажиллаж, ажилтан, албан хаагчиддаа хяналт тавьж ажиллах үүргийг өглөө.