Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-11-27 02:57:19

Сургуулийн автобусыг Монголдоо үйлдвэрлэж байна

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор  “Инноваци автотээвэрт” сэдэвт өдөрлөгийг ирэх сарын 15-ны өдөр зохион байгуулна.

Өдөрлөгөөр Монголд үйлдвэрлэж буй наклад, баруун, зүүн хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгох, хол, ойрын гэрлийг автоматаар солигддог байхаар тохируулах зэрэг олон сонирхолтой бүтээл, шийдлүүдийг танилцуулах юм.

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд тэр дундаа гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудад нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа хүүхдийн автобусыг Монголдоо үйлдвэрлэснээ ч мөн олонд танилцуулна.

Троллейбус Жагаа нэрээрээ салбартаа хэдийнэ танил болсон Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Жаргалсайханаар удирдуулсан “Эколог бус” компанийнхнаас автобусны талаар тодрууллаа.

200 ГАРУЙ ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ ЭРЭЛТ БАЙНА

Экобус, Дуобус, баяр наадмаар Хүй долоон худагийн хамгийн эрэлттэй унаа болдог Экологбус зэргийг үйлдвэрлэсэн тус хамт олон эхний ээлжинд хүлээлгэн өгөх гурван автобусаа дуусгах шатандаа ороод байна.

Нэг бүрийн үнэ нь 120 сая төгрөгөөр гарч буй бөгөөд импортоор орж ирж буй дунд оврын хүүхдийн автобуснаас хямд үнэ гэдгийг тэрбээр хэлсэн.

Нийслэлийн хэмжээнд 213 сургууль хүүхдийн автобустай. Үүний 119 нь төрийн өмчийн сургууль. Гэвч үйлчилгээнд явж буй дийлэнх автобус энэ зориулалтаар ашиглах шаардлага хангаагүй байдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж буй юм. Өөрөөр хэлбэл арваас дээш ашигласан автобусаар хүүхэд тээвэрлэхгүй гэсэн стандарт байдаг ч жуулчны автобусны сул зогсолтоор хүүхэд зөөдөг зэрэг зөрчлүүд илэрсээр байна. Тиймээс стандарт хангасан хүүхдийн автобустай болох эрэлт байна гэж хэлж болно.

-Шинээр үйлдвэрлэж байгаа сургуулийн автобусаа танилцуулахгүй юу?
-Монгол Улсад мөрдөгдөж буй хүүхдийн автобусны стандартын дагуу хийсэн 28 хүний суудалтай автобус. Хүүхдийн автобусны олон улсын стандарт гэж бий. Хамар нь урагш илүү гарсан ч гэдэг юм уу. Гэхдээ энэ стандарт руу ороход хараахан бэлэн болоогүй байна. Цаашдаа АНУ-ын сургуулийн автобус шиг автобус гаргах төлөвлөгөө байна. Гэхдээ тэр үнийн хувьд илүү өндөр байгаа юм.

-Автобусаа хэзээнээс эхэлж үйлдвэрлэсэн юм бэ. Уг нь хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд сургуулиуддаа өгчихсөн бол одоо ид ашиглах байсан даа.
-Уг нь бол аль есдүгээр сарын 1-нд хүлээлгээд өгчих боломжтой байсан. Хахир хүйтэнд Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдүүд автобус унаагүй л байна. Бид тавдугаар сараас хойш гурван удаа тендерт орсны эцэст шалгарч эхний ээлжийн автобуснуудаа хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Тендерийн тухай хуулиараа чанар, стандартын шаардлага хангасан Монголын бараа бүтээгдэхүүн байхад импортын бараа шалгаруулахгүй гэсэн тогтоол бий. Гэвч үүнийг хэрэгжүүлэх итгэл, сэтгэл төрийн дунд шатны албан хаагчдад алга. Тендер зарлах, шалгаруулахдаа их удааж байна. Бид 126 сая төгрөгөөр тендерт оролцсон. Импортоор орж ирж буй автобусуудын хамгийн хямд нь 140 сая төгрөгөөс эхэлдэг.

-Эхний ээлжинд гурван автобус хүлээлгэж өгөх юм байна. Цаашид энэ тоо хэрхэн нэмэгдэх бол?
-Дахиад дөрвөн автобус хийнэ. Гэрээгээ байгуулсан. Ажил ид явж байна. Одоо үйлчилгээнд явж буй автобусууд шаардлага хангахаасаа хангахгүй нь их байна. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 2500 гаруй автобус хэрэгтэй байна. Бид өмнө нь эко автобус хийж нийтийн тээвэрт үйлчилгээнд явуулсан. Түүн шиг л автобусыг бид хэрэглэх хэрэгтэй. МАН-ын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар тусгасан. 400 автобусыг шинээр авч бааз шинэчлэлт хийнэ гэсэн. Тэгэхээр бид Япон болон бусад улс оронтой хамтраад хийх гээд эхний загваруудаа гаргаад явж байна.

Мөн микроавтобусуудыг солих хэрэгтэй байна. Нийт 600 орчим микрог сольж дунд оврын автобус болгох ажлын бэлтгэл хийгдэж байна. Хүүхдийн автобуснаас гадна том оврын автобус, цахилгаан дуобуснуудыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнөговь аймгийн төвд найман цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар ид ажил өрнөж байна.

-Автобусны эд ангиудыг танилцуулбал?
-Хүүхдийн автобус АНУ-ын “Камминс” брэндийн Монгол дахь салбараас моторыг нь сонгосон. Салбар төлөөлөгчийн газар нь манайд байгаа учраас засвар үйлчилгээний тал дээр санаа зовох зүйлгүй. Японы Исүзү брэндийн хөдөлгүүрийг ч мөн ашиглаж байна.

Хурдны хайрцаг, хөдөлгүүр, хойд тэнхлэгээс бусад 5000 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид, Монголчууд хийх боломжтой. Том угсралтын үйлдвэрээ дагасан жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх буюу Тоёотогийн загвар шиг байх боломжтой. Нэг автобус хийхийн тулд 30-40 компани хамтран ажилладаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг бид эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Улаанбаатар хотын сургуулиудад 200 орчим хүүхдийн автобусны шаардлагатай. Исүзү, Камминс брэндтэй хамтраад эх орондоо үйлдвэрлэсэн хүүхдийн автобусаар энэ хэрэглээг хангах бүрэн боломжтой.

-Хүүхдийн автобуснаас гадна цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна вэ?
-Бид эдгээр автобусыг нийлүүлснээр залуус ажлын байртай болж, улсад татвар төлөх зэргээр 50 хувь нь Монголдоо шингэж үлддэг давуу талтай. Би яг энэ залуус шиг олон залуусыг ажлын байртай болгохыг хүсдэг. Зах зээлийн эрэлт байна.

Цаашид бид 30 мянган суудлын автомашины үйлдвэрлэлийг бий болгох боломжтой. Бид 8-10 мянган ам.долларт багтаагаад шинэ автомашин хийх боломжтой. Үүнийг төрийн түвшинд бодлого, хууль эрхзүйн орчин бий болгож, дэмжиж хэрэгтэй байна. Манайд инженерүүд нь байна, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид нь байна. Манай хийж байгаа экобус, дуобусууд нийтийн тээвэрт явсаар байна. Тэгэхээр хөгжлийн төлөө нэг баг болж ажиллах хэрэгтэй байна. Энэ нарийн технологи, хөгжлийн менежмент, аргачлал бол Азийн бар болсон улсуудын менежмент. Гэтэл зарим талаараа үүнийг ойлгож, ач холбогдлыг шийдвэр гаргагчид харахгүй байна.

Бидний өгч буй татварын мөнгийг Ким эсвэл Вангийн ажлын байрыг дэмжихэд бус Доржоо, Батаагийн ажлын байрыг дэмжихэд зориулах ёстой. Ажлын байр байхгүйгээс залуус нь эдийн засгийн дүрвэгч болж байна. Гадагшаа ажил хийхээр явж байгаа залуус, энд ажилгүй байгаа хүмүүсийг ажлын байртай болгох хэрэгтэй. Жилд 30 мянган суудлын автомашин, 10 ачааны автомашин, мянган автобус хийлээ гэхэд түүнийг дагасан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж, ажлыг байрыг олноор нь бий болгох боломжтой. Монголд эрэлт нь байна. Эрэлт нь байна, угаасаа гаднаас худалдаж аваад байна шүү дээ. Өндөр технологи аж үйлдвэрийн салбарт чухал. Дээр нь үүнийг хийж чадна гэсэн мэдлэг боловсрол, туршлага бий.  

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: news.gogo.mn 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.