С.Батболд: Ашиглалтаас хасагдсан автомашины тодорхой хувь нь хоёрдогч түүхий эд болдог
Автотээврийн салбар инновацийн хөгжлийг дэмжиж, олон шинэ бүтээл, оновчтой санаа хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, цахилгаанаар ажилладаг автобус үйлдвэрлэж, стандартын шаардлагад нийцсэн хүүхдийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх; баруун, зүүн хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгох, автоматаар солигддог тохиргоог хийхээс гадна машины наклад үйлдвэрлэж эхэлжээ.
Мөн хог хаягдлыг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгаль орчноо хамгаалах бас нэгэн арга замыг эрэлхийлж байгаа юм байна. Тэр ч бүү хэл архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашины хөдөлгүүр нь асахгүй байх технологи ч нэвтрүүлэх боломжтой болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдтой ярилцлаа.
-“Инноваци-Автотээвэрт” өдөрлөг удахгүй зохион байгуулагдах гэж байна. Автотээврийн инновацийн талаар тодруулбал?
-Инновацийн хуульд инноваци гэж юу вэ, инновацийн бүтээл, инновацийн төсөл, инновацийн үйл ажиллагаа зэргийг хуульчлан зааж өгсөн байдаг. Залуучууд тээврийн хэрэгслийг их сонирхдог, техник технологийн талаар шинэ зүйлсийг эрж хайдаг, шинэ санаа гаргаж, шинэ бүтээл гаргадаг болж. Харин энэхүү бүтээгдэхүүнээ хэрхэн эргэлтэд оруулж, дэмжлэг авах вэ, хэрхэн үйлдвэрлэл явуулах вэ гэсэн залуус цөөнгүй байна.
Тиймээс бид тэдгээр залуусыг цуглуулан мэдээлэл солилцуулж, дэмжих ямар боломж байна гэдгийг эрэлхийлж байгаа юм. Автотээврийн салбарт зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулахад ямар нэгэн төлбөр, хураамжгүй бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал санаачлага гаргаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад нээлттэй юм. Тухайлбал тус арга хэмжээнд Монгол инженерүүд зохион бүтээсэн цахилгаан автобус, сургуулийн хүүхдүүдэд зориулагдсан стандартын шаардлага хангасан автобус зэргийг танилцуулна. Мөн салбараас гарч буй хог хаягдлыг дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа ажлыг танилцуулна.
Түүнчлэн тус өдөрлөгт автотээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудыг татан оролцуулахаар төлөвлөж байна. Тэдгээр сургуулиудын оюутан, багш мэргэжилтнүүд тодорхой бүтээл хийж, түүнийгээ доктор, магистр, бакалаврын ажил болгосон байдаг ч үүнийгээ олны хүртээл болголгүй орхигдуулах тохиолдол бас бий. Эрдэнэт аймагт хоёр залуу автомашины холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлдэг автомат төхөөрөмж бүтээснийг бид туршиж, судалж байна. Хэрэв энэ автомат төхөөрөмж үр дүнгээ өгвөл цаашид хэрэглээнд нэвтрүүлэхэд бид бодлогоор дэмжих юм. Энэ мэтчилэн салбартай холбоотой санал санаачлагыг бодлогоор дэмжиж, гаднаас биш дотоодоосоо бүтээгдэхүүн гаргах юм.
-Шинэ бүтээлийг цаашид хэрхэн нэвтрүүлж, бодлогоор дэмжих вэ?
-Нийгэмд тулгарч байгаа тодорхой зорилтуудыг инновацийн хуулиараа шийдвэрлэх юм. Энэ нь өөрөө оюуны өмчөөр хамгаалагдсан байх ёстой. Эхний ээлжид агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой ямар шинэ технологи байгааг эрэлхийлж байна. Хоёрдугаарт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой шинэ санаа, техник технологи, боломжийг хайж байна. Энэ хүрээнд хоёр бүтээлийг сонгон аваад нэгийг нь туршсан. Автотээврийн үндэсний төвийн инженерүүд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тохиргоог өөрчлөх туршилтыг хийгээд стандартыг батлуулсан байгаа. Үүнийг Автотээврийн үндэсний төвөөс тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд 100 мянган орчим тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй гэрлийн тохиргоог хийж өгөхөөр ажиллаж байна.
Бидний зүгээс яагаад энэ гэрлийн тохиргоог сонирхоод байна гэхээр одоогийн байдлаар Монгол Улсад ашиглагдаж байгаа нийт тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй бөгөөд нийт гарч байгаа зам, тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гарч байгаа юм. Орон нутгийн замд гарч буй ослыг судлаад үзэхэд ихэнх нь шөнийн цагаар гарсан байдаг. Тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тохиргоог өөрчилж, холын гэрлийн ойрын гэрэлд автоматаар шилжүүлдэг болгосноор тодорхой хэмжээнд зам, тээврийн ослыг бууруулах бүрэн боломжтой тул эдгээр инновацийн бүтээлүүд асуудлыг шийдэж чадах юм.
-Нийгэмд тодорхой өөрчлөлтийг бий болгох, тулгамдаад буй асуудалд тодорхой инновацийн шийдлийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Тухайлбал автотээврийн салбарын хог хаягдлаар өдөр тутамд хэрэгтэй ямар бүтээлч санаа байна вэ?
-Нийслэлийн агаарын бохирдлын 10 орчим хувь нь автомашинаас үүдэлтэй гэж үздэг. Тиймээс автомашин ашиглалтын явцад учруулж байгаа хохирлыг яаж багасгах вэ, мөн ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулж, хэрхэн түүхий эд болгох вэ гэсэн асуудал чухал байна. Тиймээс автотээврийн салбарынхан “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ –тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ нь автомашинаас гарч байгаа тосыг бүрэн автомат үйлдвэрт оруулаад евро-4 хэмжээнд дизель түлш боловсруулдаг технологи юм.
Үүнээс гадна тос тосолгооны материалыг боловсруулж замын хавтангууд болон бусад зүйл хийж байгаа үйлдвэрүүд ч байна. Үүнд бид тодорхой санхүүжилт гаргаж, гадаадын үйлдвэрлэгч байгууллагууд руу төслийг явуулж эхэлсэн. Мөн автомашины хаягдал шилийг ашиглан гоёл чимэглэлийн зүйл хийх туршилт ч хийж байна. Саяхан “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтраад автомашины хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр Монголд байгуулах тал дээр судалгаа хийж эхэлсэн. Тодорхой хугацааны дараа нийслэл хотод маань ашиглалтаас хасагдсан автомашины дахин боловсруулалтын үйлдвэр байгуулагдана гэж бодож байна.
-Ашиглалтаас хасагдсан автомашинууд ер нь хаашаа очдог бэ?
-Автомашинаас гарч байгаа нийт бүтээгдэхүүний тодорхой хувь нь Монголд хоёрдогч бүтээгдэхүүний түүхий эд болон ашиглагдаж байгаа. Жишээ нь аккумляторийн гаднах хуванцар савийг ашиглах, хар тугалгыг нь хайлуулан дахин боловсруулж дараагийн бүтээгдэхүүн болгох ажил явагддаг. Тийм учраас бид автомашинаас гарч байгаа хог хаягдлыг цуглуулдаг, ангилан ялгадаг, боловсруулдаг, салбарын хог хаягдлыг буцаагаад энэ салбартаа бүрэн ашиглах бодлого барьж байна.
- Инноваци-Автотээвэрт өдөрлөгийн үеэр хэчнээн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс бүтээлээ танилцуулах вэ?
-Өдөрлөгийн арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдана. Бид арга хэмжээгээ гурван үе шаттайгаар төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, “Инноваци гэж юу бэ, инновацийн бүтээгдэхүүнийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах, хэрхэн оюуны өмчөөр хамгаалуулах талаар болон санхүүгийн байгууллагуудаар хэрхэн санхүүжүүлэх боломж байна” сэдвээр богино хугацааны сургалт, семинар зохион байгуулна. Мөн инновацийн төслийг хэрхэн яаж танилцуулах, арга хэмжээ авах талаар мэдлэг олгоно. Гуравдугаарт, биетээр хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн, арга хэмжээ болох юм.
Эх сурвалж: ikon.mn