Хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нийслэлийн
ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэлгүй хотод стрессгүй зорчих боломжийг бүрдүүлэх
замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд
Зам, тээврийн яам, Монголын авто замчин залуучуудын холбоо хамтран “Унадаг дугуй
ба эрүүл мэнд” сарын аяныг зохион байгуулж байгаа билээ.
Тус аяны хүрээнд өнөөдөр Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд “Унадаг дугуй
ба эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Зам, тээврийн
яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам,
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын авто замчин залуучуудын холбоо зэрэг
олон байгууллагуудын төлөөлөл оролцож Монгол Улсад унадаг дугуйг хөгжүүлэх хэрэгцээ
шаардлага, унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлээр төрийн
болон төрийн бус байгууллага холбоод хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр:
· “Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хэрэгжилт, өнөөгийн байдал” сэдвээр О.Сансархүү;
· “Ногоон гудамж ба дугуйн зам” сэдвээр С.Сайнбаяр;
· “Унадаг дугуй унаснаар эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр Г.Сэлэнгэ;
· “Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө боловсруулах тухай” С.Батболд;
· “Унадаг дугуйн хэрэглээ ба өнөөгийн байдал” Ч.Түвшинжаргал;
· “Унадаг дугуйн зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Н.Мөнхбаясгалан нар
тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд:
1. Монгол Улсад унадаг дугуйг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага байгааг үндэслэн
унадаг дугуйг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Унадаг дугуйг хөгжүүлэх
үндэсний хөтөлбөр боловсруулах талаар тусгах;
3. Хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн замын сүлжээг
бий болгох зорилгоор Зам, тээврийн сайд, Байгаль орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын
сайд, Эрүүл мэнд, Спортын сайд, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч болон Монголын авто замчин залуучуудын холбоотой 5 талт хамтран ажиллах
санамж бичиг байгуулах;
4. “Унадаг дугуйн фестиваль 2016” сарын аяныг жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан
уламжлал болгон зохион байгуулж хэвших;
5. Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхэд нэн тэргүүн шаардлагатай байгаа Үндэсний
хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх, унадаг дугуйн замыг барьж байгуулахад шаардагдах
санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгүүдийг байгуулах нь зүйтэй гэж үзэв.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ